my ideas
эрхэмсэг орших тухайд миний хувьд гурван зүйл дээр тогтож яримаар санагдаж байна. энэ нь нэгдүгээрт: бодол санаа буюу мөрөөдөл
хоёрдугаарт: хөрөнгө бэл
гуравдугаарт: чадвар.... энэ гурав юм.
Бидний бодол санаа хийгээд, бид ерөөс дэнжийн цэцэгс шиг мөн хаврын ногооны адилаар намаржин хагдарч байдаг гэлтэй.
тэртээ он жилүүдэд миний бодол санааны хамгийн их орон зайг эзлэн дүүргэгч нь айдас байлаа. хүүхэд ахуй насны гэнэн томоогүй зангаар энэ амьдралыг зүрх алдан төсөөлөхдөө би бээр ерөөс, ямар ч хариуцлага эс хүлээх, нэгэн тийм ажил төрлийг хийж, бүхий л хариуцлагаас цухдаж амьдрахыг ичгэвтэр-ээр илүүд үздэг байсан юм.
харин тэр үед юу ч хийж эс чадах тийм мэдрэмж, магадгүй, хорвоо ертөнцийг таньж мэдэж амжаагүй байсантай маань холбоотой байсан бизээ.
тээр нэгэн жилийн тэр нэгэн хавар гэдэг шиг, чандманалж буусан гурван гэр, хот айлаас нэгэн цас хялмайлах, бүүдгэрхэн өдөр хонины ээлж таарч, мал даган хээр гарав. удтал алсын бараа эс харагдаж, нар чухам хаана байгаа нь үл мэдэгдэх энэ жихүүн салхитай, жавар тачигнасан байдал, намайг юун түрүүнд биеийг маань жиндүүлэхээс наана сэтгэлийг маань жиндүүлж, түүн дотор байх бүхий л халуун дулаан бүхнийг үлдэн хөөсөн мэт санагдана.
нутаг нутгийн элдэв гүйдэлтэй учирсан хүмүүсийн яриа, бодитоор оршин байх чоно, үнэг, алмас тэргүүтэн, хээрийн эздийн хэц дагасан жимийг хөндлөн огтолж яваа миний сэтгэлд юун түрүүнд энэ бүхэн айдсыг мэдрүүлнэ. дан ганц, энэ юу бол, тэр юу билээ, юун чимээ гардаг билээ гэсэн бодлууд миний дотрыг жихүүцүүлнэ.
яг л энэхэн хавьд явж байгаад хуучны нэгэн оршуулгад морьтойгоо цөмрөн орж байснаа эргэн саналаа. мөн нэг сайхан зун цагт энэ уулсын ар бэлд хужир шуу болсон, дэрс буттай нэгэн хэсэг газар байх агаад тэнд хужирссан мал хунар овоорч, нэг хэсэгтээ тогтонги байж, яс амраадагыг нь бодолцон байнга тийшээ очдог байгаад тохиолдсон хэрэг явдлыг эргэн саналаа. хээр хицээр явах цагт бага балчир хүүхдэд хань болох юм юун түрүүн тод өнгийн дээл хувцас гэдэгт бат итгүүлсэн миний балчир ухаан улаан өнгийн тод дээл-эндээ найдаж их л багаасаа ганцаар явж ирсэн билээ. гэтэл нэг удаа хонин сүрэг зүсэн орж ирэх боохой, гэгээн цагаан өдрийг эс тооцоход мөнөөх бүхнийг үргээж айлгах ёстой дээлийн өнгийг маань авч хэлцсэнгүй. дагуулж явсан нохойнууд хормой доогуур шургах нь халгүй, гаслан гангина. энэ үед нурууны үс босоод хөшиж орхисон бие, санаан зоргоор хашигчин гуугалж чадсангүй. удтал байгаад, тэрхүү чоно алслан холдох үед, сая нэг хүүе гэх чимээ гаргаад хөлөрсөн гар хурууныхаа үзүүрийг мэдрэхтэйгээ болж билээ. тэр тохиолдлоос би шантарч буцаагүй юм. олон айлын хүүхдүүд хонины бэлчээрээс энэ мэт тохиолдлын төлөө уйлж, гуугалсаар ирж байх ахуйг олонтой харсан би, хэзээ ч тэдэн шигээр зүрх үхэхгүй гэж бодсонтой маань холбоотой юм. харин яг тэр газарт, мөн нэгэн зун бүдүүн хээр мориндоо хурдны моринд тохдог нарийн сураар бүүрэг болгож, оосор гарган уясан тохом тохоод, ёстой л хонины хээр морины шанхыг зулгааж мордоод, хээрийн салхийг залгин өөд уруугүй давхиж байгаад нэг удаа үсрээд буутал хөлийн ул нэгэн зүйлд торж, гогодоод явчхад, тонгойгоод хартал хүний эрүүний яс бүрэн шүдтэйгээ ярайтал байж байхаас гадна, түүнийг яг юу болохыг нь таньж мэдэх гэж нэлээдгүй нягтлан харсан нь улам бүр аймшгийг мэдрүүлж билээ. заавал ч үгүй хад чулуун тээрээс тээж мордохгүйгээр нас бие гүйцсэн морины нуруунд гарчхаж чадахгүй байсан гэж бодоход нас маань бага балчир л байж дээ. хэчнээн дахин авирч цоройгоод мориныхоо нуруунд гарч чадаагүй би улам бүр айсандаа, сүнс сүлд нь зайлж, шөнө орой болох цаг бүрд халуурч дэмийрч байсан удаатай. энэ мэт зарим тоочилгүй өнгөрсөн амьдралын маань хэмнэл намайг айдаст автахгүй байхын аргагүй байж дээ.
элдвийн айдсыг, эрхгүй өөрөө юунаас айдаг аа мэдэхийн хувьд би ч гаргуун сайнаар, муу болгоныг нэхэн санаж, эргэн дурссаар, чалх муутай, сүүмгэр нарны доор амьдаараа хөлдүүс болох дөхөөд байлаа. гэтэл нэгэн өвгөн таарав. өвгөн намайг чиглээд морьтойгоо хандан ирэх хүртэл, миний дотор энэ өвгөн жинхэнэ хүн үү, эсвэл ...... гэсэн бодол л бодогдоно. өвгөн миний хүү бээрч-ихээ юу даа. харин тиймээ хүйтэн байна. миний хүү малд яваа хүн үү. тиймээ хонио хариулж явна, манайх энүүхэнд бий. аан, мөн мөн. тэр байж байдаг танай хонь уу. тийм. одоо чи хонь руугаа явах нь уу. тэглээ. тийм бол миний хүү, тэр жалганы эхээс, цаад хөтөл дээр нь байгаа хадтай энгэр хүртэл мориноосоо буугаад хөтлөөд явдаг юм шүү, за юу. за за. (дотор оо ихэд гайхав. хүн чөтгөр нь мэдэгдэх юмгүй хөгшин өвгөн яагаад ингэж хэлэв.) намайг түүнээс холдон одсон авч өвгөн байрнаасаа хөдлөх юмгүй, над руу харан зогслоо. хол замд цуцалтгүй яваа бололтой унасан морь нь битүү цантаж, хөлөрсөн байх агаад хөл хөнгөнтэй тогтож ядах морио өвгөн нэг гараараа жолоодон над руу хандан зогсоно. би тэр өвгөнтэй энэхэн зуур уулзсан уулзалтаа бодож, тэр өвгөн морь хоёрт нь сүүдэр байсанд тун ч талархан, нүүрэндээ инээмсэглэл тодрууллаа. намайг буугаад алхаж эхэлмэгц, өвгөн цааш хөдлөн явж одов. би өвгөнийг ямар нэгэн байдлаар ид шидийн гэмээр нэгт-хэн алга болохыг хүлээж байсхийгээд эргэн харна. яагаад намайг морио хөтлөөд яв гэсэн юм бол энэ бүхэн мөнөөх чөтгөр шуламтай л шууд холбоотой хэрэг болж таарлаа гэхчлэн бодож явсаар нэг мэдэхнээ, өвгөний заасан газарт аль хэдийнээ хүрчээ. миний толгой цээжнээс уур савсаж, халууцаж бамбайсан гар хуруугаа хараад, өвгөн надад юун төлөө тэгж захисныг сая нэг юм ойлгов.
хүний бодол санаа гэлтгүй амьдрал бүхэлдээ түүний төсөөллөөс үүдэлтэйг би энэ жижигхэн түүхээс олж харахдаа, гагцхүү дан ганц надад бус хүн бүрд ижил нөлөөтэйг мэдэх болсон юм. одоог хүртэл надтай айдас, оюун санааны цөхрөлтүүд учирсаар байгаа авч энэ бүхэн бодитоор чухам хир хор нөлөөтэй нь бус бид түүнд хэрхэн автаж, ямар-хан хэмжээнд жишин үнэлж байгаа нь л чухал болохыг мэдэж аваад байгаа билээ. харин бодол санаа нь хүний үйлдлийг тодорхойлдог байхаас гадна, хүн бодол санаагаа бус үйлдлээ хянах чадвар илүүтэй байдгаас бид цөм үйлдлээрээ дамжуулан ухаан бодолдоо нөлөөлөх гарц буйг үе үеийн суут сэтгэгчид номлосон байдаг. харин бидний үйлдлийг хийж буй бодол санаа шийдвэрт айдас хийгээд ухаалаг дүгнэлтийн аль нь хир их жин дарж, нөлөөлж буйгаар нь тэр хүнийг үнэлж болох юм.
айдас бол хүний төрөлх зөн мэдрэмж хийгээд мөн чанар юм. харин би үүнээс ухрах аргагүй ч намайг айдаст автуулах аливаа зүйлс нь
за дараагийн шинэ бичлэгээр энэхүү сэдвийн тухай гүйцээн бичье !
Нийт 1612 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих