my ideas
Зүрхний АМРАГ-ууд
шөнөөр ганцаараа, цас шаржигнуулан хэн нэгэн алхаж явна. зүүн Сибирийн хүйтэн агаар тунгуусын нутгаар нэвт үлээж, одод орчилдох шөнийн тунгалаг агаарт хэн нэгний хунгар цасан дундуур уухилан алхах амьсгаа аажимхан замхарна. түүний амьсгаа өндөртэй цуцалтгүй алхах нь үргэлжлээд удаж буй нь халуу шатаж бамбайсан гар хурууны үзүүр, чив чив туслах хөлснөөс нь харахад илт мэдрэгдэнэ. энд, яг л энэ газар аянчид за бас нутгийн ардууд тунгалаг тэнгэрийн дор, ээвэр наран тусаж байх өдрийн гэрэл гэгээтэй цагт осгож үхэх аюултай байдгийг мэдэх тул талхны булан тэргүүтэй хүнс, идэж уух юмыг бус нэг ээлжийн дулаан хуурай хувцсыг илүүд үзнэ.
намаг балчиг дунд ургасан согтуу ойн дундуур тэрхүү шөнөөр явагч этгээд ганцаар алхсаар ийш тийш, хааш яаш чиглэн ургасан армаг тармаг моддын дундуур орж, цавцаан цайрах цасан дээр тусах моддын хөх сүүдэр дунд тэрхүү шөнийн хүйтэн тэнгэрт замхрах амьсгал адилаар сааралтан алга болов. тэр хэд хэд алхахад нимгэн хачирлаж хөлдсөн мөсний цуурч хагарах чимээ тасхийн гарч, тэрээр сүүлийн удаа давхийтэл цочсон нь тэр болж, хөл дороос нь тулах юм эс олдон, унаад живэхгүй ч гэлээ бүх хувцсаа жихүүцэс төрөм хүйтэн усанд норгож орхилоо....
шөнийн, ойн цоорхойд гүехэн гэж бодогдохоор-гүй их ус цалгих чимээ гараад, дахин цас шаржигнуулах хөлийн алхаа эс дуулдан нам гүмхэн байдал ноёрхоно. Сибирийн шөнийн тунгалгаас тунгалаг тэнгэрт мэлтийх саран, шөнө оройд болох олон арван бохир муу хэрэг, хуйвалдаан, аллагын гэрч болсоор олон зууныг ардаа орхиж буйнхаа адилаар тэрхүү залуугийн амьсгал татарч буйг чимээгүй ажсаар байна....
лааны тос гэнэтхэн ихээр урсаж, дөл нь давтаж байсан аа, дүнзэн байшинг бүхэлдээ гэрэлтүүлж байсан аа анивалзаж байгаад харанхуйллаа. үүнтэй зэрэгцэн ямар нэгэн шаазан эдлэл шалан дээр унаж тасхийн хагарах чимээ гарав. өрөөнд хэсэг нам гүм болсон оо, зузаан цангаар битүү бүрхсэн, өрөөнд гэрэл гэгээ оруулахад дэндүү багадсан цонхны цаанаас тусах сарын бүүдгэр гэрэл тэр харанхуйд байгаа цорын ганц хүний хамаг анхаарлыг татлаа. шуурга эхэлж байна. цасан ширхгийн мөстөж хатуурсан ширхгүүд цонхийг гаднаас нь зөөлнөөр тоншиж байснаар аажимдаа улам олноороо ширүүн-ээр шажигнатал нүдэж эхэлнэ. энэ үед бусгүй лааг дахин асаах зууртаа гараа эсгэсэн болохоо мэдэв. тэрээр хар зөнгөөрөө зүрхний хүндээ ямар нэгэн юм тохиосныг мэдэрнэ.
хэсэгхэн шинээр асаасан лааг харж сууснаа бөхөж унтарсан лааны урссан тосыг ажиглав. бүсгүй тэр тосноос ямар нэгэн муу зүйлийг олж харсан гэлтэй жихүүцсэн нүдээр ширтсэнээ, яаравчлан гадагшаа гарахаар зэхэв....
Лондон хотын жижиг чулуунуудыг шигтгэж хийсэн чулуун замаар дугуйтай цүнхээ чирсээр, хавчиг гудамжуудыг өгсөж яваа залуу дотроо ийн бодно. за одоо яадаг билээ, миний амьдралд энэ цаг хугацаа яалт ч үгүй эргэлт өөрчлөлтийн он жилүүд. ямар-хан хувь тохиолоор амьдрал минь үргэлжилнэ, ямаршуухан аж төрнө дөө... хүний нутагт ч хэцүү дээ гэж, энэ улс оронд ирсэн эхний өдрөө зүрх алдан бодолхийлнэ. түүний хувь заяа яахан Оливер Твист-ийн хувь төөргөөс дор байх билээ. улс орноосоо, сургууль хамт олноосоо, үеийн залуусаасаа шалгарч гарсан чадварлаг мэргэжилтэн, хэлний өндөр мэдлэг түүнд хангалттай хань түшиг болох юм.
дээрх залуутай нэг онгоцоор ирж, нэг сургуульд хожим суралцах бүсгүй Лондон хотын өөр гудамжинд ийн бодож алхана. за ингэж нэг соёлт ертөнцөд хөл тавьдаг байжээ. муусайн юмнууд намайг явуулахгүй байх нь яагаа вэ, би энд одоо байна, би бол энд л байх ёстой хүн учраас энд байгаа юм. хэлэх мэдэхгүй гээд яадаг юм. оронд нь ирээд сурна, оронд нь ороод сурах юм чинь.....
доомбор хөгжмийн эгшигт уярсан уу гэлтэй бүсгүй үл ялиг толгойгоо гилжийлгэн суугаад санаа алдана. морин дэл дээр бүргэд шувуу шиг хийсгэж явсан хөгшин эр түүнийг хараад дотроо ийн бодно:
сарны цэнхэр хүрээлэнд гүйлс шиг цэцэглээд, Салхины бие дэрлэн санаашран суугаа бүсгүй, Түүдгээр амьсгалсан залуу насанд минь түгээмэл өнгийн зурвас мэт санагдана хэмээн шүлэглэнэ.
харин тэрхүү эгшиглэх доомбор хөгжимд, Маамгандаан як-кудаан, кир-шалмагаан арманаам, Жүрэксэл апсил-магаан, Галкма жатгаан Китэнбээн Жираалд, Сапаргаан узаад, Аагармаанаам... хэмээн дуулах бөгөөд энэ нь Хунгийн өд шиг ариун хүсэл минь, Гэгээн хайр минь чи хаана байна гэсэн утга санааг илэрхийлэн дуулна. Эртний чөлөөт сул иргэдийн нутагт хөмөрсөн шаазанг санагдуулам шинэ эсгий гэрүүд ярайж, гэрийн гадуур ёстой л сул ард иргэд өөрийн тааваар амьдран, аж төрнө. Алтайн салбар уулс, өндрөөс өндөр цаст оргилууд дунд төв Азийн цээжинд морин туурайгаар бөмбөрдөх нүүдэлчин үндэстний залуу хар хүү, сул хайрга чулуутай хадархаг уулын бэлд морин дэл дээр исгэрч явна. зангирсан өтгөн хар хөмсөг, том хар нүд, ширүүн сахал, өргөө шанаатай, нар салхинд дээлийн өнгөтэйгөө хамт онгож гадсан царайтай хээрийн хүн ан гөрөө хөөцөлдөнө. тэрээр хааяахан энгэр бэл нь хиц өндөр уулсын оройг дамнан харалж явахдаа алс тэртээ рүү ширтэн, өөрийн амьдралын замыг харж буй мэтээр, ямар нэгэн зүйл хайсан мэт хичээнгүйлэн харж байгаад санааширна. энэ байдлаа гэнэтхэн орхиж, мориндоо ташуур өгсөөр цааш одно...
бас нэгэн ээлжит дэлбэрэлт болсны дараа шуугьсан, орилж хашиграх хүмүүсийн дундуур нэгэн хар гивлүүртэй бүсгүй гүйн орж ирээд, шархдаж гэмтсэн хүмүүсийг нэг бүрчлэн тэвэрч авч хараад, хэн нэгнийг хайж байгаа бололтой, дараагийн хүн рүү гүйж очиж үзнэ... тоос шороонд дарагдсан хүмүүс бүгд нэгэн ижил харагдах бөгөөд хэн нэгнийг хайж байгаа бол гагцхүү тийнхүү нэг бүрчлэн очиж харна уу гэхээс, үймж шуугьсан улсуудын дунд нэрээр нь ганц эмэгтэй хүн хашхирч дуудаад тусыг эс олох юм.
Бүсгүй арван гурав дөрөвтэй баймаар нэгэн хүүг олж аваад баярлан уйлж байлаа. хоёр хацар дээр нь ээлжлэн ахин дахин үнэсээд, шороо тоос болж, сэмэрч урагдсан хувцсыг нь тоох сөхөөгүй дагуулан хөтөлж гүйлээ. ахиад л хүн бүрийг нэг бүрчлэн нэгжиж үзнэ. ...
...хүүтэй хамт явсан хэн нэгнийг юм уу... яавч эцгийг нь биш.... хүүг төрөхөөс хойш тасралтгүй үргэлжлэн буй энэ дайн дажин дунд яг саяных шиг нэгэн дэлбэрэлтэд хүүгийн эцэг үрэгдсэн бөгөөд түүнээс хойш даруй 7 жил өнгөрсөн байна.
Бүсгүй сая нэг сөхөө орж хүүгийн үс толгойг гөвж өгөөд, хоёр гараараа хүүгийн хацрыг барьж, эх хүний хайр нинжин сэтгэл нэвт гэрэлтэх алаг нүдээ эргэлдүүлэн, харь хэлээр ямар нэгэн зүйлийг аминчлан захиж шулгана хурднаар хэлэв. хүү тэр даруй гүйж одлоо.
Бүсгүйн мөрөн дээр тохогдсон бараан өнгийн нимгэн алчуур газарт чирэгдэн явах ба бүсгүй түрүүнийх шигээ гүйж харайсангүй, ийш тийш харан харц нь ямар нэгэн зүйл дээр тогтож эс чадан, гуниг харууслын басхүү хайрын нулимс цэлэлзүүлэн, чи хаана байна вэ гэж хэн ч эс дуулахаар төрөлх хэлээрээ бувтнан хэлнэ. энэ үед жаал хүүгийн гүйж одсон зүгт буун дуу тачигналаа... Бүсгүйн зүрх зүсэгдэх шиг болж өөрийн эрхгүй тэр зүг хурдлан гүйлээ. тэрээр тийнхүү гүйж явахдаа нүднээс нь бөмбөрч амжаагүй нулимсаа нэг гараараа шудраад, гашуун, харууссан дуугаар нэгэн нэрийг ахин дахин дуудна. энэ үед буун дуу хэсэг намжсан ба ахиад нэгэн нүргээнтсэн дэлбэрэлт болоход газар чичирхийлэн бүсгүйн улан дороос тэрхүү доргилт мэдрэгдэнэ.
... ашгүй тоосон дундаас нэг эр хүүг авч, хоёул тэврэлдэн гарч ирэх ба хүүтэй хамт гарч ирсэн хар хүн ихэд ширүүн дуугаар Сала малий кум гэж мэндлэхэд бүсгүй хариу болгон Алийкуум Салийм гэсэн мэндийн үгийг төгсгөж хэлж амжилгүй мэлмэрүүлэн уйлна. тоосонд дундаас түүний энэ хорвоод амьд үлдээд байгаа, амьдралынх нь утга учир болсон 2 хүн хоёул амьд хөтлөлцөн гарч ирсэн юм. Бүсгүйн хацар дээгүүр нулимс урсаж амжаагүй байхад л түүний хацрыг тэсрэлтээс үүссэн их шороо тоос дарна.... тэд ахин хоорондоо нэг ч үг солилцолгүй гурвуулаа хөтлөлцөн, тэрхүү сүйрэл нүүрлэсэн хотын төвөөс зайлан одно.
.........дутуу
Нийт 1143 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих